News

“Жендэр ба хөгжил” үндэсний чуулганд НҮБХAC мын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахарагийн хэлсэн үг

1 2-р сард 2018

Эрхэм хүндэт ерөнхий сайд Хүрэлсүх, эрхэм зочид, хатагтай, ноёд оо;

Өнөөдөр “Жендэр ба хөгжил” үндэсний чуулганд оролцож байгаадаа би их баяртай байна. 

Монгол улсад жендэрийн тэгш байдлыг хангахад гарсан гол ололт амжилт, саад бэрхшээлүүдийг хамтдаа тодорхойлох боломжийг энэхүү чуулган бидэнд олгож байна.

Мөн 2030 онд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлох боломжийг олгож байна. Жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын гишүүн улс орнууд жендэрийн тэгш байдлыг хангах явдлыг дангаар нь Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилт болгон тодорхойлсон нь Мянганы хөгжлийн зорилтуудаас ялгагдах гол онцлогуудын нэг юм. Энэхүү 5 дахь зорилт нь дотроо жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх нэлээд хэдэн зорилго, шалгуур үзүүлэлтүүдтэй.

Тэгэхээр жендэрийн тэгш байдлыг хангах явдал бол ердийн нэг хувилбар, сонголт бус харин заавал хэрэгжүүлэх ёстой зорилт юм.

Өнгөрсөн хэдэн арван жилд Монгол улс жендэрийн тэгш байдлыг хангахад томоохон ахиц гаргаж, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, дундаж наслалт өсөв. Энэ нь өнөөгийн Монгол эмэгтэйчүүд илүү эрүүл саруул, өндөр боловсролтой, урт насалдаг болсон гэсэн үг. Энэхүү гайхалтай амжилтанд хүрсэн Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе.

Гэвч, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, боловсролын түвшин, эрүүл мэнд, бодлогын түвшин дэх эрх мэдэл гэсэн үзүүлэлтээр  Дэлхийн эдийн засгийн форумаас тооцож гаргасан 2017 оны жендэрийн тэгш байдлын индексээр Монгол улс дэлхийд 53-рт бичигдэж, бодлогын түвшин дэх эмэгтэйчүүдийн эрх мэдлийн үзүүлэлтээр нэлээд доогуур 107-д орсон байна. Мөн  НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлгийн (UPR) тайлан, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн (CEDAW) тайлан,  нийгэм, соёлын эрхийн талаарх НҮБ-ын тайланд Монгол улс жендэрийн тэгш байдлыг хангах талаар дараах хоёр үзүүлэлтээр дэлхийгээс хоцорч явааг онцолжээ.

Нэгдүгээрт, төр, хувийн хэвшилд шийдвэр гаргах алба хашиж буй эмэгтэйчүүдийн тоо. Одоо УИХ-ын гишүүдийн дөнгөж 17.1% нь эмэгтэйчүүд байна. Мөн хоёрхон эмэгтэй сайд, 5 эмэгтэй дэд сайд ажиллаж, засаг дарга, төрийн нарийн бичгийн дарга эмэгтэй алга байна. Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, манлайлах үүрэг рольтой болгосоноор тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой илүү эрх тэгш нийгэм бүрдэнэ. Туслах үүрэг бүхий ажилтай харьцуулахад илүү өндөр, шийдвэр гаргах түвшиний албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд 2012 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, НҮБ-ын төрөл бүрийн тайланд онцолж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсад анх удаа хийсэн жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааны эцсийн тайланг НҮБ-ын Хүн амын сан удахгүй Статистикийн үндэсний хороотой хамтран танилцуулна. Нөхцөл байдал ихээхэн санаа зовоож байгаа бөгөөд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоож, хүчирхийлэлд өртөгсдөд үр дүнтэй дэмжлэг үзүүлэхэд тус улсын бодлого, шийдвэр гаргагчид нэн яаралтай анхаарах шаардлагатай байна. 2016 оны 12-р сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох болсон нь үнэхээр сайшаалтай, бөгөөд одоо үндэсний болон орон нутгийн түвшинд хангалттай төсөв хуваарилж, энэ хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Тус улсын жендэрийн энэхүү хоёр том асуудлыг шийдэхийн тулд жендэрийн үндэсний тогтолцоог бэхжүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсч байна. Ялангуяа Жендэрийн тэгш байдлын үндэсний хороог цаашид улам чадавхижуулж, 2005 оноос 2014 оны 12-р сарыг хүртэл Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллуулж байсных нь дагуу эргүүлэн Ерөнхий сайдын харъяанд оруулахыг зөвлөж байна. Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо бол төрөл бүрийн яамд, төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг тул яамдыг хариуцах, боломжит хамгийн дээд түвшинд хамгийн үр дүнтэй ажиллах боломжтой юм.

Эцэст нь эрүүл мэнд, боловсролын салбар дахь жендэрийн үзүүлэлтээ улам ахиулсан Монгол улсад баяр хүргэхийн ялдамд улс үндэстэн, орон нутаг, өрхийн түвшинд эмэгтэйчүүд шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэж, хүчирхийллээс ангид амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө илүү ихийг хийх шаардлагатай төдийгүй, илүү ихийг хийх боломжтойг онцолмоор байна. Ингээд дээр дурьдсан жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанд хамрагдсан нэгэн эмэгтэй ярилцлагынхаа эцэст

10 жилийн өмнө та нар хаана байсан юм бэ?”

хэмээн судлаачид хандан хэлж, улмаар судлаач хэлэх үггүй хамтдаа уйлж суусаныг та бүхэнд дуулгамаар байна.

Баярлалаа.