You are here

Эмэгтэйчүүд, охидод хөрөнгө оруулая: Хөгжил цэцэглэлтийг дэмжин, оролцоог хангая

 

Энх амгалан, таатай ирээдүй нь охид, эмэгтэйчүүдийг чадавхижуулахаас хамаардаг. Үүнийг хамгийн зөв бөгөөд дэлхийн тогтвортой хөгжлийг урагшлуулахад зайлшгүй шаардлагатай алхам гэж тэртээ гучин жилийн өмнө Каир хотноо болсон Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын үеэр дэлхийн 179 орон үзсэн.

Түүнээс хойш охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрхийн төлөөх хөрөнгө оруулалтууд нэмэгдэж, олон сая хүний амийг аварсан. Өнөөдөр 2000 онтой харьцуулахад гуравны нэгээр цөөн эмэгтэйчүүд жирэмслэлт болон төрөлтөөс үүдэлтэй урьдчилан сэргийлэх боломжтой хүндрэлээс болж нас барж байна. Өсвөр насандаа амаржсан охидын тоо мөн хугацаанд гуравны нэгээр буурсан байна. Мөн 1990 оноос хойш орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэдэг эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин нэмэгджээ.

Эдгээр үзүүлэлтүүд нь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн томоохон алхмуудыг харуулж байгаа ч жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын улмаас орхигдсон сая сая хүмүүсийн амьдралаараа мэдэрсэн туршлагыг тусгаагүй билээ. Хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, бэлгийн цөөнх буюу ЛГБТQI+ гэж тодорхойлсон охид, эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхээ эдлэхэд саад тотгор байсаар байна. Мөргөлдөөн, цаг уурын гамшигт өртсөн хүмүүсийн хувьд гэр бүл төлөвлөлт, жендэрт суурилсан хүчирхийллийн хариу арга хэмжээ, үйлчилгээнүүд тэдгээр хүмүүст хамгийн чухал хэрэгтэй үедээ сүйрдэг.

Хэнийх ч байсан, хаана ч байсан хүн бүрийн гэрэлт ирээдүйг бий болгоход шуурхай, тогтвортой, нийтлэг дэмжлэг үзүүлж, охид, эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулахыг шаарддаг.

Сайн мэдээ гэвэл бид юу хийвэл үр дүнтэйг мэддэг бөгөөд энэ нь  хамгийн том хөрөнгө оруулалт  юм.

НҮБ-ын Хүн амын сан болон эрдэм шинжилгээний түншүүдийн хийсэн дүн шинжилгээгээр 222 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт 2030 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсоож, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгаж, эмэгтэйчүүд, охидыг жендэрт суурилсан хүчирхийлэл, хор хөнөөлтэй зан үйлээс хамгаалах юм. Энэ нь сая сая хүний амьдралыг өөрчлөнө гэсэн үг.

Хүүхэд байхдаа гэрлээгүй охид сургуулиа төгсөж, ажилтай болж нийгэмд хэдэн их наяд долларын эдийн засгийн үр өгөөж авчрана. Ажлын байран дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь тэдний насан туршдаа орлого олох боломжийг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ийг дунджаар 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой. Ажиллах хүчнийхээ бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн бизнесүүд бүтээмжийг 15 хүртэл хувиар нэмэгдүүлж, авъяас чадвараа алдах байдлыг 22 хүртэл хувиар бууруулах боломжтой. Бид эмэгтэйчүүд, охидод хөрөнгө оруулалт хийснээр хүн тус бүр ашгийг нь хүртэнэ.

Эдгээр маш тодорхой үр өгөөж байгаа хэдий ч хөрөнгө оруулалт хангалттай хэмжээнд хүрэхгүй байна: 2017 онд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхижуулахад чиглэсэн дэлхийн тусламжийн 1 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүдийн байгууллагад очсон байна. 2022 онд дэлхийн гадаад орнуудад үзүүлж буй тусламжийн 1 хүрэхгүй хувь нь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэв. Дэлхийн эрүүл мэндийн судалгааны дөнгөж 1 хувь нь хорт хавдрын судалгаанаас гадна эмэгтэйчүүдийн өвөрмөц нөхцөл байдалд зарцуулагдсан байна. Охид, эмэгтэйчүүд үүнээс илүү сайхныг хүртэх ёстой.

Бид гэр бүл, гэр орон, ажлын байр, хамт олныхоо дунд жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үйлсийг манлайлсан дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдэдээ гүнээ талархах ёстой. Бэлэг эрхтнээ зэрэмдэглүүлж, өөрийн нэг охиныг энэхүү хортой зан үйлийн улмаас алдаж, нөгөө охиндоо үүнийг хийлгэхийг эрс эсэргүүцсэн Сафия шиг, бэлгийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлж, олон нийтийн дунд жагсаал цуглаан хийж, охидын эрхийг хамгаалж буй 15 настай Нгома охин.

Бид охид, эмэгтэйчүүдэдээ жинхэн хөрөнгө оруулалтын өртэй. Тэдний боловсролыг дэмжих, шинэ технологийн манлайллыг тодотгох, хүчирхийллийн эсрэг инновацийг дэмжих , тэдний дуу хоолойг сонсож, амь насыг  аврах олон олон платформыг нээх зэрэг бодитой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна.

Эмэгтэйчүүд, охидын нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоонд хөрөнгө оруулалт хийснээр л бид нийгмийн бүтцийг бэхжүүлж, үнэхээр сайхан зүйлийг, Бүгдэд ээлтэй ирээдүйг бий болгоно.