You are here

Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Наталия Канемын гаргасан мэдэгдэл. 

2020 оны 5 сарын 5-ны өдөр

 

Дэлхий дахинаа COVID-19 цар тахалтай тэмцэж буй энэ үед эмэгтэйчүүд жирэмсэлж, хүүхдүүд хорвоод мэндэлсээр. Цар тахлын үед төрөлт тасалддаггүйн нэгэн адил эх баригчдын ажил ч тасралтгүй үргэлжилдэг. Дэлхийн өнцөг булан бүрт эх баригчид амаржих газар, төрөх тасаг, эмнэлгүүдэд эх, нярайн амийг аврахын төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулан, эцэлт цуцалтгүй ажиллаж байна.

COVID-19 цар тахал газар авсан олон оронд эх баригчид хамгаалах хувцас, хэрэгсэл, тусламж дэмжлэг хүрэлцэхгүй амиа алдаж байна. Олон эмнэлэгт эх баригчдыг коронавирусын халдвартай хүмүүсийн эмчилгээ, сувилгаанд дайчилсаны улмаас жирэмсэн эмэгтэйчүүд тусламж үйлчилгээ цаг алдалгүй авч чадахгүй орхигдож байна. Иймд эрүүл мэндийн салбарт цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа эх, нярайн эрүүл мэндийг эн тэргүүнд анхаарах ёстой.

НҮБ-ын Хүн амын сан бүх эх баригчдын ажил, үйлсийг магтан сайшаахын сацуу тэднийг дэмжиж, COVID-19-ийн халдвараас хамгаалахын төлөө засгийн газруудтай хамтран ажиллахаа мэдэгдэж байна.  

Эх баригчид бол эхийн эрүүл мэндийн тогтолцоо – төрөлт болон бусад тусламж үйлчилгээний ноён нуруу юм. Энэ хямрал бидэнд хаа сайгүй бүх эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангах эх баригчдын хүчин чармайлтыг дэмжихийн төлөө илүү ихийг хийх боломж олгож байна.

Нөхөн үржихүйн эрх, сонголтыг хангахад хүндрэлтэй орнуудад эх баригчид гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ хүрэлцэхгүй, урьдчилан сэргийлж болохуйц шалтгаанаар эхчүүд эндэж байгааг анхааруулж байна. Тэд мөн жендэрт суурилсан хүчирхийлэл, эм бэлэг эрхтэнг эрэмдэглэх, хүүхдийн гэрлэлт зэрэг хор хөнөөлтэй бурангуй ёсыг халах харанга дэлдэж, жендэрийн тэгш байдлыг хангахад ахиц гаргаж байна.

Хамгийн эмзэг үед эх баригчид эмэгтэйчүүдэд тусламж үзүүлдэг. Тэгш бус цалин хөлс, ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамттай өөрсдөө нүүр тулдаг хэдий ч эх баригчид жирэмслэлтээс эхлээд эсэн мэнд амаржих хүртэлх үе шатанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө өдөр бүр тэмцдэг. COVID-19 цар тахлаас айх айдас, тодорхой бус байдлын улмаас одоо асуудал улам хүндэрч байна.

Цар тахалд хариу арга хэмжээ авахад эх баригчид чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Олон оронд эрүүл мэндийн салбаруудын ачаалал хэт ихссэн энэ хүнд үед эх баригчид эхчүүдийг амаржихад нь тасралтгүй тусалж, зоригтой, тууштай ажилласаар байна.

Дэлхий дахинаа COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад тэргүүн эгнээнд ажиллаж буй эх баригчдыг дэмжиж НҮБ-ын Хүн амын сан тэднийг хамгаалалтын хувцас, хэрэгсэлээр хангаж, эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулахгүйн тулд эрүүл мэндийн тогтолцоонуудын чадавхийг сайжруулж, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд түүний дотор хөл хорионд байгаа эмэгтэйчүүдэд шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхэд тусалж байна.

Эх баригчид бол охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангахын төлөө тасралтгүй ажиллаж буй манлайлагчид гэдгийг хэзээ хэзээнээс илүү хүлээн зөвшөөрөх ёстой. Сувилагч, эх баригчдын олон улсын жил болох энэ 2020 онд ТА дараах 3 замаар эх баригчдыг дэмжихэд хувь нэмэр оруулж болно. Үүнд:

  1. Эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эх баригчид чухал үүрэг гүйцэтгэдгийг бусдад мэдээлж, тэдэнд талархаж, дэмжиж байгаагаа илэрхийлэх. Эх баригчид байхгүй бол энэ цар тахлын үед эх нярай урьдчилан сэргийлж болохуйц шалтгаанаар нас барах нь ихсэнэ.
  2. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх, нярайн эрүүл мэндийг сайжруулахад эх баригчдын оруулсан хувь нэмрийг үнэлж, тэдний амжилтыг тэмдэглэх. COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад тэргүүн эгнээнд ажиллаж байгаагаараа бахархах сэтгэгдэлийг тэдэнд төрүүлэх.
  3. Эх баригч бол онцгой мэргэжил гэдгийг хүлээн зөвшөөрч, зохих нөөцөөр хангахыг бодлого боловсруулагчдад ухуулж, өөрчлөлт хийх эрмэлзэлтэй болгох. Эх барихын салбарт хөрөнгө оруулахыг шаардаж, эх, нярайн эрүүл мэндэд эх баригчдын оруулж буй хувь нэмрийг хүндэтгэх.

Энэ хүнд хэцүү үед эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг эн тэргүүнд анхаарч, хамгаалахын төлөө эх баригчидтай нэгдэж, тэднийг дэмжицгээе.