Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Хиймэл оюун ухаант, өсвөр үеийнхний цахим зөвлөх Мандухай чатбот “Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” Өмнөговь аймагт нээлтээ хийлээ

Хиймэл оюун ухаант, өсвөр үеийнхний цахим зөвлөх Мандухай чатбот “Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” Өмнөговь аймагт нээлтээ хийлээ

News

Хиймэл оюун ухаант, өсвөр үеийнхний цахим зөвлөх Мандухай чатбот “Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр” Өмнөговь аймагт нээлтээ хийлээ

calendar_today 11 October 2021

НҮБ-ын Хүн амын сан

Өмнөговь аймаг

2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр

 

НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаант, өсвөр үеийнхний цахим зөвлөх Мандухай чатбот Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт анхлан туршилтаар хэрэгжүүлэхээр амжилттай нээлтээ хийлээ. Мандухай чатботын мэдээллийг Юнител Групп Юнител сүлжээний хэрэглэгч өсвөр үе залуучуудад мессеж, Юнивишний хэрэглэгчдэд мэдээлэл түгээж орон нутгийн түвшинд идэвхжүүлэлтийг амжилттай хийлээ.

 

Нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Хатагтай Л. Оюунаа, Юнител группын Өмнөговь салбарын захирал Н.Отгонбат, Өмнөговь Aймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, Өмнөговь аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг, Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Захирал Д.Түвшинзул, ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн эмч Э. Насантогтох хүрэлцэн ирж оролцлоо.

 

Мандухай чатботыг нээж, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч Хатагтай Л. Оюунаа, “Өнөөдөр Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр бөгөөд энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино. Дэлхийн нийт энэ тэмдэглэлт өдрийг "Дижитал үеийнхэн: Охидын өөрөө өөрийгөө мэдэх эрхийн хэрэгжилтийг хурдасгагч технологи ба инноваци" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан өсвөр үеийнхний цахим зөвлөх Мандухай чатботыг Өмнөговь аймагт анхлан туршилтаар хэрэгжүүлэхээр нээлтээ хийж байна,” гэж хэллээ.

 

НҮБ-ын Хүн амын сангаас улс орнуудын дунд зарласан инноваци, шинэлэг санаачилгыг дэмжих төслийн хүрээнд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан шалгарч, хиймэл оюун ухаанд суурилсан, өсвөр үеийнхэнд зориулсан Мандухай чатботыг шинээр боловсруулсан. НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү инноваци технологийн шинэ санаачлагыг Монголын мэдээлэл холбооны томоохон групп, Юнител Грүпп мэдээллийн технологийн тусламжтайгаар өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд, НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллахаар урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

 

Мандухай чатботоор дамжуулан Өмнөговь аймгийн өсвөр насны охид, хөвгүүд тэдэнд тулгамддаг асуудлууд: хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авах боломжтой болно. Мөн тэдний хувийн нууцыг чандлан хамгаалж, тэдэнд ээлтэй буюу шаардлагатай үйлчилгээнд зуучилж  өгөх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм. Цаашдаа Мандухай чатботыг ЭХЭМҮТ хөгжүүлэн авч явна.

 

НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэнд, хүний эрх, ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр ажилладаг бөгөөд Gen Z буюу Дижитал үеийнхэнд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд цаашид иновоци, технологийг нэвтрүүлэн, ажиллана.

 

Нээлтийн үеэр ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн эмч Э. Насантогтох, “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй гол асуудлууд нь өсвөр үеийнхэн хэнд хандахаа мэдэхгүй байдаг, нуудаг, асуудлаасаа санаа зовдог, эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байх юм. Тиймээс бид НҮБ-ын Хүн амын сантай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан, 24 цаг ажиллах, хаанаас ч хандах боломжтой цахим зөвлөх бүтээснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлээс өсвөр үеийнхнээ хамгаалах боломж бүрдэж байна. Улмаар бид өсвөр үеийн төрөлтийг бууруулах боломжтой болох юм. Мөн хиймэл оюун ухаантай харьцахтай өсвөр үеийнхэн илүү нээлттэй байх боломжтой байгаа юм,” гэж хэллээ.

 

Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан

 

НҮБ-ын Хүн Амын Сан 1970-аад оны сүүлээс Монгол улсын засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд, 1979 он болон 1989 оны Хүн ам, орон сууцны тооллого явуулахад Статистикийн Төв Газрыг шаардлагатай тоног төхөөрөмж болон сургалтаар хангасан билээ. 1990-ээд оны эхээр эмнэлгийн албан хаагчдад сургалт явуулахын зэрэгцээ орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг хандивлах замаар эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж эхэлсэн юм.

 

Монгол улсын засгийн газар болон НҮБ-ын Хүн Амын Сан хоорондын анхны цогц Улс орны хөтөлбөр 1992 онд албан ёсоор эхэлсэн бөгөөд эл Хөтөлбөр нь гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох, түүнчлэн хүн ам зүйн мэдээллийн ашиглалтыг эрчимжүүлэх замаар засгийн газрын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэж байв.

 

1998 онд Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан байгуулагдаж, Улаанбаатар хотноо суурин төлөөлөгчтэй болсон бөгөөд 2002 онд Ховд аймагт бүсийн салбар оффисоо нээсэн юм. Бүсийн салбар оффисын гол фокус нь нутгийн иргэдэд илүүтэй хүрч ажиллаж, баруун бүсийн аймгуудад техникийн болон хөтөлбөрийн дэмжлэгийг саадгүй үзүүлэх байв.

 

2016 оны сүүлээр бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх; залуучуудын хөгжил; жендэрийн тэгш эрх ба хүн амын динамик гэсэн талбаруудад дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хүн Амын Сангийн 5 дахь Улс орны хөтөлбөр дуусах шатандаа орсон юм. Энэ нь Монголын ард түмэнд Мянганы Хөгжлийн Зорилтуудад (МХЗ) чиглэсэн ахицыг хурдасгах дэмжлэг үзүүлж эхэлсний 10 жилийн ойтой давхацсан билээ. НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэг нь МХЗ-3 буюу жендэрийн тэгш эрхийг хангах; МХЗ-5 буюу эхийн эндэгдлийг бууруулах; МХЗ-6 буюу ХДХВ/ДОХ-той тэмцэх зорилтуудыг биелүүлэхэд чиглэж байлаа. 2015 оны сүүл гэхэд Монгол улс МХЗ-5-д хүрэхэд ихээхэн амжилт гаргаж, эхийн эндэгдлийг 75 хувиар бууруулах зорилтод амжилттай хүрсэн есхөн орны нэг болсон байв.

 

НҮБ-ын Хүн Амын Сангийн 6 дахь Улс орны хөтөлбөр Монгол улсад залуучуудын оролцоо; залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх; мөн ЖСХ-тэй хийх тэмцлийг гол фокусаа болгож 5 жилийн хугацаатайгаар 2017 онд эхэлсэн билээ. Одоогийн Улс орны хөтөлбөр нь 2017-2021 оны НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хүрээний (НҮБХТХ) дагуу Монгол улсад ТХЗ-уудад хүрэхэд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын бусад агентлагуудын үйл ажиллагаатай нягт уялдаатай хэрэгжиж байна.

 

Олон улсын Тэргүүнээр удирдуулсан Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан өдгөө 30 ажилтантай бөгөөд түүний дотор Өмнөговь аймагт байрлаж ажилладаг Үндэсний Харилцааны Ажилтан багтаж байгаа юм. НҮБ-ын Хүн Амын Сан Монголын 21 аймагт бүгдэд нь хүрч үйл ажиллагаагаа явуулж байна.