You are here

 

Улаанбаатар, Монгол Улс – “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатай 2020 оны Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ. Энэ аяныг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан болон Монгол Улсын Засгийн газар зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн аяны хүрээнд Монголд үйл ажиллагаагаа явуулж буй НҮБ-ын 11 салбар агентлаг, хөгжлийн түншлэлийн байгууллагууд, дотоодын болон олон улсын иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниуд хамтран жендэрт суурилсан хүчирхийлэлийн бүхий л хэлбэрийг таслан  зогсоох тэмцэлд дуу хоолойгоо нэгтгэж байна. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дээр болон гудамж, олон нийтийн газар тохиолддог бие махбодийн төдийгүй сэтгэл санаа, бэлгийн дарамт, бэлгийн мөлжлөгийн, хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхэд, хөгжлийн бэрхшээлттэй иргэдийн эсрэг хүчирхийлэл зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийн бүхий л хэлбэрийг цаг алдалгүй, яг одоо таслан зогсооход дуу хоолой, хүчээ нэгтгэхийг бүх нийтээс уриалж байна.

НҮБ-ын Хүн амын сан Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран энэхүү аяны хүрээнд олон нийтийг, түүний дотор хүчирхийллийг даван туулагчдаас эхлээд, хүчирхийлэл үйлдэгчид, хүчирхийллийн гэрч болсон хүмүүс гээд хүн бүрийг жендэрт суурилсан хүчирхийллийг таслах зогсоохын тулд ЯГ ОДОО дорвитой алхам хийхийг уриалсан үндэсний хэмжээний олон нийтийн мэдээллийн компанит ажил өрнүүлж байгаа юм. Хүн бүхэн бие биетэйгээ нээлттэй ярилцаж, хүчээр биш ухаанаар асуудлыг шийдэх, хүчирхийллийн хэргийг холбогдох газарт цаг алдалгүй мэдээлж, хүчирхийллийг зогсоохын тулд гар бие оролцож чадваас бид хувийн орон зай болон  нийгмийн аль ч түвшинд жендэрт суурилсан хүчирхийллийн бүхий л хэлбэрийг цэглэж чадна.

“Дэлхий нийтээр КОВИД-19 цар тахалтай тэмцэж буйн адилаар Монгол улс ч дотоодын халдварын тархалтыг тогтоон барихын тулд хатуу арга хэмжээнүүд авч эхлээд буй энэ цаг үед охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал юм. Цар тахлын нөлөөгөөр өсөн нэмэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд бид бүгд нэгэн дуу хоолойгоор хүчирхийллийн эсрэг зогсох учиртай. Ийм ч учраас НҮБ-ын Хүн амын сан энэ жилийн аянд бүх талын оролцоог хангахыг хичээн ажиллаж байна.” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава хэлэв.

Дэлхий дахинд төдийгүй Монголд КОВИД-19-ийн халдварыг тогтоон барих зорилготой хатуу арга хэмжээнийдүнд жендэрт суурилсан хүчирхийлэл огцом нэмэгдэж байна. 2020 оны эхний улирал буюу Монгол Улс анхны халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн үед Нэг цэгийн үйлчилгээний төвүүд (НЦҮТ)-ээр үйлчилүүлэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс даруй 87% өссөн. Түүчнлэн 11 сарын 11-нд дотоодын халдвар гарсантай холбоотой хатуу хөл хорионы дэглэм эхэлсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Монголд үйл ажиллагаа явуулж буй НЦҮТ, түр хамгаалах байрууд болон яаралтай тусламжийн утаснаас нийт 1,500 гаруй эмэгтэйчүүд, хүүхдүүд тусламж хүссэн байна. Энэ оны эхний хагаст НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн “ЖСХ, ГБХ-ийн нөхцөл байдал болон хохирогчдод зориулсан үйлчилгээнд КОВИД-19-ийн үзүүлж буй нөлөөний түргэвчилсэн үнэлгээ”-нд дурдсанаар цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд, эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамт, стресс, гэр бүлийн гишүүд нэг дор өнгөрүүлэх хугацаа огцом нэмэгдсэн байдал, гэр бүлийн гишүүдийн амьд харилцаа алдагдсан, харилцааны ур чадвар дутагдсан, хохирогчдод шаардлагатай тусламж, дэмжлэг дутмаг байдал болон хөл хорионы үед хүчирхийллээс дүрвэж зугатах боломж хомс зэрэг шалтгаанууд орж байна.

“Хүйсийн тэгш бус байдал хүмүүсийн сэтгэлгээ, хандлага, зан үйлд нь шингэсэн хэвээр байгаа үед жендэрт суурилсан хүчирхийлэл оршсоор байна. Энэ нь бидний хэнд ч, надад, танд болон таны хүүхдүүдэд, хэзээ ч, хаана ч тохиолдож болно. Тиймээс бүх нийтээрээ хүчээ нэгтгэн гэрт, ажлын байранд, олон нийтийн газарт аливаа  хүчирхийллийг таслан зогсоохыг уриалж байна.” хэмээн Стефани Бурри, Швейцарын хамтын ажиллагааны дарга онцоллоо.

Жил бүрийн 11 сарын 25 буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрөөс эхлээд 12 сарын 10 буюу Хүний эрхийн өдөр хүртэл Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий дахинаа зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн жилүүдийн 16 хоногийн аяны үеэр НҮБ-ын Хүн амын сангаас “ЭерэгБолГОЁ”, “ОйлГОЁХҮНдэлье” зэрэг олон нийтийн мэдлэг ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой хэд хэдэн компанит ажлуудыг зохион байгуулсан юм.


Энэ жилийн Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол улсын Засгийн газрын гишүүд бүгд нэгдэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх өнөөдөр болсон хуралдааны үеэр мэдэгдэв. Түүнчлэн аянд нэгдсэн НҮБ болон олон улсын байгууллагын төлөөллүүд, Монголын Засгийн газрын гишүүдийн үгийг дараах бичлгэүүдээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Г.Ариунзул – Хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах мэргэжилтэн, НҮБ-ын Хүн амын сан
И-мэйл: gantulga@unfpa.org; Утас: +976-99984729