You are here

Улаанбаатар хот, 2016 оны 7 сарын 11-ний өдөр. 2016 онд НҮБ-ын Хүн амын сан дэлхийн хүн амын өдрийг “Өсвөр насны охидод хөрөнгө оруулцгаая” уриан дор өнөөдөр тэмдэглэж байна.

Дэлхий дахинаа өсвөр насны охид үе тэнгийнхээ хөвгүүдээс хавьгүй их хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байна. Олон оронд бэлгийн бойжилт нь гүйцсэн охидыг гэрлэж, жирэмслэн, хүүхэд төрүүлэхэд бэлэн болсон хэмээн үздэг учраас охид гэрлэж, эрүүл мэндийн хувьд ихээхэн эрсдлийг туулж, сургуулиа орхин, ирээдүйн боломж нь ихээр хумигддаг.

Өсвөр насны охид “амьдралаа өөрөө шийдэх эрх мэдэл, арга хэрэгсэл, мэдээллээр бүрэн хангагдсан тохиолдолд нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, гэр орон, олон нийт, улс үндэстэндээ өөрчлөлт хийх эерэг хүчин болдог” хэмээн НҮБ-ын Хүн амын сан үздэг. Ийм ч учраас хүний эрхийг хамгаалж, ялангуяа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээллийг хүртээмжтэй болгох замаар өсвөр насны охидыг эрх мэдэлжүүлэх улс орны хүчин чармайлтуудыг дэмждэг.

Тогтвортой хөгжлийн зорилтууд

2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудын хүрээнд өсвөр насны охид эрхээ эдлэхийг шаардаж, хүсэл эрмэлзэлдээ хүрч, дэлхий ертөнцийг шинэчлэх боломжтой. Залуучууд, ялангуяа өсвөр насны охидын эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж, нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломжийг тэдэнд олгосон тохиолдолд улс орнууд ядууралтай тэмцэж, эдийн засгийн өсөлтийг хангах хүн ам зүйн урамшууллыг хүртэх боломж ихсэнэ.

Хүн ам зүйн урамшуулал гэдэг бол хөдөлмөрийн насны хүн ам нь хөдөлмөрийн насанд хүрээгүй болон тэтгэвэрийн насны хүн амаас давж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах явдал юм. Хүн амын ихэнх нь залуучуудаас бүрдэж буй Монгол зэрэг улс орнууд энэхүү урамшууллыг хүртэх боломжтой. Уг урамшууллыг өсгөх нь хүмүүсийг эрх мэдэлүүлж, боловсрол олгон, ажлын байраар хангахын сацуу хуримтлалыг нэмэгдүүлж, үр ашигтай нөөцөд хөрөнгө оруулахаас ихээхэн хамаарна.

Монгол улсын залуу хүн ам цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлөхийн сацуу тус улсын өсвөр насны охидын дунд дараах бэрхшээлүүд амь бөхтэй оршсоор байгаа тул анхаарах шаардлагатай байна. Үүнд:

Өсвөр насны охидын төрөлт өндөр: 15-19 насны 1,000 охид тутамд төрөлт 40.4 байгааг ижил түвшний орлоготой эсвэл тус бүс нутаг дахь бусад орнуудтай харьцуулбал: Турк- 29.3, Maлайз- 13.3, Сингапур- 4.

Өсвөр насны охидын дунд хүсээгүй жирэмслэлт их байна: 15-19 насны жирэмсэн охидын 14.1 % нь үр хөндүүлж байна.

Гэр бүл төлөвлөлтийн мэдлэг, дадал хангалттай бус: 15-19 насны охидын 36% нь гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй, тэдний жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийн хэрэгцээ хангагдахгүй байна.

Иймд НҮБ-ын Хүн амын сан өсвөр насны охидод хөрөнгө оруулах хэрэгцээг дэмжихийн тулд бодлого боловсруулагчид, олон нийт, төрийн бус байгууллага, залуучуудын манлайлж буй бүлэглэлүүд, бусад түншүүдтэй хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, Оюу толгойтой хамтран НҮБ-ын Хүн амын сан Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, Монгол улс даяар Залуучуудын хөгжлийн 16 төвийг байгуулсанаар залуучууд түүний дотор өсвөр насны охидыг амьдрах ухаан, бэлгийн цогц боловсрол олгох сургалт, зөвлөгөө, эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээгээр хангаж байна. Мөн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй улс орон даяар тэмцэх бодлого, төслүүдийг дэмжиж ухуулга, нөлөөллийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байна.

“Өсвөр насны охидын боловсрол, ялангуяа амьдрах ухаан, бэлгийн цогц боловсрол, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эртнээс хөрөнгө оруулж, өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах нь өсвөр насны охидын амьдралд ихээхэн нөлөөлөөд зогсохгүй энэ нь цаашлаад Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудын амжилт, үр дүнд нөлөөлнө“ гэж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцолж байна.