News

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахарагийн хэлсэн үг

8 2-р сард 2018

2018 оны 2 сарын 8,   Засгийн газрын ордон

Эрүүл мэндийн сайд, УИХ-ын эрхэм гишүүн хатагтай Сарангэрэл,
Улаанбаатар хот, аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд аа,

Жил бүр зохион байгуулдаг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд намайг урьсанд Эрүүл мэндийн яаманд баярлалаа. Өнөөдөр энд та бүхэнтэй хамт байгаадаа би маш их баяртай байна.

2016 онд эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлт тутамд 48,6 болж огцом өссөн хэдий ч 2017 онд энэ үзүүлэлтийг 100 000 амьд төрөлт тутамд 27 буюу 2015 оны түвшинд эргүүлэн аваачсан Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Энэ бол ЭМЯ, УБ хот, аймгуудын эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, амаржих газрууд, дүүргийн эрүүл мэндийн төв, эмнэлгүүдийн тууштай манлайлалын үр дүн юм. Энэ нь тус улсын эх, нярай, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулахын төлөө Засгийн газар ихээхэн зүтгэл гаргаж байгааг илтгэж байна. Баяр хүргэе!

Үүнээс гадна 2017 онд хүрсэн бас нэг амжилт бол төр нийтийн үйлчилгээнд инновац нэвтрүүлж, чанарыг нь сайжруулсан үзүүлэлтээр НҮБ-аас олгодог шилдэг нийтийн үйлчилгээний шагналыг ЭХЭМҮТ 2017 онд хүртсэн явдал юм. Тус төв эх, нярайн эрүүл мэндийн салбарт Телемедициний төслийг хэрэгжүүлж, уг шагналыг хүртсэн бөгөөд энэ нь мянганы хөгжлийн 5 дахь зорилтод хүрэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газар хамтран энэ төсөлд дэмжлэг үзүүлсэндээ маш их баяртай байна. Ингээд та бүхэнд дахин баяр хүргэе!

Өнгөрсөн жил 100 000 амьд төрөлт тутамд 27 байсан эхийн эндэгдлийг 15 болгон бууруулахаар Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгаад байгаа билээ. Энэ нь эхийн эрүүл мэндийг сайжруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай гэсэн үг юм. 2016 онд эхийн эндэгдэл эрс нэмэгдсэнийг харвал, өнгөрсөн хэдэн арван жил хөдөлмөрлөж хүрсэн хөгжлийн ололт амжилтуудаа ухраахгүйн тулд эрүүл мэндийн тогтолцооны энэ эмзэг байдлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эхийн эндэгдлийг цаашид бууруулахад сайтар төлөвлөсөн стратеги, хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой бөгөөд гэр бүл төлөвлөлт бол үүний гол цөм юм. Вакцинжуулалт нь хүүхдүүдийг нас барахаас сэргийлдэг бол, гэр бүл төлөвлөлт нь эмэгтэйчүүдийг нас барахаас сэргийлдэг. Гэр бүл төлөвлөлт бол эхийн эндэгдлийн эсрэг вакцин юм. Мөн гэр бүл төлөвлөлт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх юм. 1968 онд Тегераны тунхаглалаар нөхөн үржихүйн эрх, түүний дотор гэр бүл төлөвлөлтийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн салшгүй нэг хэсэг болохыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ оны 5 сарын 18-нд Тегераны тунхаглалын 50 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэх гэж байна.

Гэвч нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас үзвэл Монголд эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ бүрэн хангагдахгүй байна. Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 2003-2013 онд 4-өөс 16%  болж өсчээ. 2016 онд Хөвсгөл аймаг болон УБ хотын Налайх дүүрэгт хийсэн Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаанаас үзвэл гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 7-10% өссөн байна. Тухайлбал Налайх дүүрэгт амьдарч буй эмэгтэйчүүдийн 30%-ийнх нь гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ хангагдахгүй байна. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2015 онд хийсэн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийн хүртээмжийн судалгаа, чанарын дүн шинжилгээ, хяналтаар улс орон даяар жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгсэл ихээхэн хүрэлцээгүй, тасалдсан байсан нь нотлогдсон юм. Амбултори клиникүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд олноор үзүүлж, ачаалал их байгаа бөгөөд энэ нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний чанарт нөлөөлж байна.
Одоогоор Засгийн газар жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгсэл худалдан авахад жил бүр 150 орчим сая төгрөг хуваарилж байна. Эдийн засгийн энэ хүнд нөхцөлд Засгийн газраас ийнхүү хүчин чармайлт гаргаж байгааг НҮБ-ын Хүн амын сан бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, ихээхэн сайшааж байна. Гэвч жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн худалдан авалтад хуваарилж буй өнөөгийн энэ төсөв Монголын хүн ам ялангуяа улам бүр өсөн нэмэгдэж буй нөхөн үржихүйн насны хүн амын гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй.

Тус улсын бусад салбарт тулгамдсан хэрэгцээ их байхад гэр бүл төлөвлөлтөд хуваарилж буй улсын төсвийг нэмэх боломжгүй гэж зарим нэг хүн бодож байж магадгүй. Тийм ээ, бид агаарын бохирдлыг шийдвэрлэхэд төсөв хуваарилах хэрэгтэй. Тийм ээ, бид боловсролын чанарыг сайжруулахын тулд төсөв хуваарилах хэрэгтэй. Тийм ээ, бид Монголын уур амьсгалын нөхцөлд нийцсэн эрчим хүчээр хангахад төсөв хуваарилах хэрэгтэй. Гэвч жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд зарцуулж буй Монгол улсын төсвийн 1 доллар тутамд бид жирэмслэлттэй холбоотой тусламж үйлчилгээний зардлыг 3.2 доллараар хэмнэх боломжтой болохыг илтгэсэн НҮБ-ын Хүн амын сангийн хамгийн сүүлийн үеийн төсвийн дүн шинжилгээг анхаарч үзэх хэрэгтэй. Жирэмсний хүндрэл, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх гэр бүл төлөвлөлтийн маш хямд, үр дүнтэй арга байсаар байтал үүнд хөрөнгө зарахын оронд жирэмсний хүндрэл, үр хөндөлтөд илүү их хөрөнгө зарж байгаа нь оновчтой бус юм. Хэрэв бид хөрөнгөө оновчтой зүйлд зарцуулбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг хэдэн сая доллараар хэмнэнэ. Тэгэхээр бид улсын төсвийн хуваарилалтыг үр өгөөжтэй болгоход анхаарч, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтын ашгийг дээд цэгт хүртэл нэмэгдүүлж яагаад болохгүй гэж?

НҮБ-ын Хүн амын сан цаашид эхийн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэхийн төлөө ЭМЯ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчидтэй нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. 2018 онд амжилт гаргана гэдэгт итгэж байна. Бид хамтдаа Монголд эх, нярайн тусламж үйлчилгээний чанарыг үлэмж хэмжээгээр сайжруулж чадна.

Health Sector Annual Meeting_En.pdf

Health Sector Annual Meeting_Mn.pdf

Баярлалаа!