You are here

2018 оны 6 сарын 14-ний өдөр

 

Улаанбаатар хот – Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар улс орон даяар анх удаа явуулсан судалгааны тайланг өнөөдөр НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо танилцуулж байна.

Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаарх мэдээлэл өнөөг хүртэл нэлээд цөөн байлаа. Иймд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, шалтгаан, үр дагаварын талаар илүү ихийг мэдэх, ялангуяа бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай баримт мэдээлэлтэй болох бодит хэрэгцээ байсан юм. Энэхүү тоон мэдээ, мэдээллийн хомс байдлыг шийдвэрлэхийн тулд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Статистикийн үндэсний хороо жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар явууллаа.  Тэгш байдлын төлөө аниргүйг эвдэхүй: Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх 2017 оны үндэсний судалгаа бол тус улсад энэ сэдвээр хийсэн анхны томоохон хэмжээний тоон болон чанарын судалгаа юм.

Ойр дотно хамтрагч болон бусад этгээдийн үйлдсэн хүчирхийллийг судлахдаа эмэгтэйчүүд сүүлийн 12 сард хүчирхийлэлд өртсөн байдал болон амьдралдаа хүчирхийлэлд өртсөн байдлыг тус тусад нь авч үзлээ. Мөн бие махбодын, бэлгийн, эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн төрөл бүрийн хэлбэрүүдийн талаарх тоон мэдээ, мэдээллийг судалгаагаар  цуглуулж, байдлыг тодорхойлов.

Судалгаагаар 7,300 гаруй эмэгтэйтэй ярилцлага хийж, Монголд ойр дотно хамтрагч болон бусдын зүгээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн түвшин хэт их өндөр байгааг олж тогтоолоо.

Судалгааны гол үр дүн:

·       Хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 57.9% нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс аль нэгд нь юмуу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн байна. Мөн тэдний 31.2% нь бие махбодын болон / эсвэл бэлгийн хүчирхийэлд амьдралдаа өртжээ; 

·       Хамтрагчийн үйлдсэн aливаа хэлбэрийн хүчирхийлэлд амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Хэнтий, Дархан-Уул, Өмнөговь, Улаанбаатар, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр байсан бол хамтрагчийн үйлдсэн бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, Ховд аймагт хамгийн их байв;

·       Хүчирхийллийн тархалтын түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаагүй ч нийслэл хот хамгийн их хүн амтай учраас хүчирхийлэлд өртөгсдийн тоо нь бусад бүс нутгийнханаас хамаагүй их байв;

·       Хамтрагч бус этгээд буюу бусдын үйлдсэн хүчирхийлэл залуучуудын дунд түгээмэл байна. 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 17.3% нь бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд амьдралдаа өртсөн бол 4.5% нь сүүлийн 12 сард уг хүчирхийлэлд өртжээ;

·       10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн бол;

·       нийгэм, эдийн засгийн статусаас үл хамааран 4 эмэгтэй тутмын нэг нь “хэрэв эхнэр нь үнэнч бус байвал нөхөр нь цохиж, зодож болно” гэдэгтэй санал нийлсэн байна. 

"Монголд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн түвшин өндөр байгааг шийдвэрлэхийн тулд бид энэ асуудлыг тал бүрээс нь ойлгох хэрэгтэй. Энэхүү судалгааны дүн бидэнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэрхэн, яагаад, хаана гараад байгааг тодорхойлж, үйлчилгээ, үйл ажиллагааг зөв зохистой хуваарилахад тус дөхөм болно” гэж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара тайлбарлав.

Энэхүү судалгаагаар Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын цогц мэдээлэлтэй болж, үйлчилгээг сайжруулж, байдлыг өөрчлөх ухуулга нөлөөлөл хийхэд судалгааны дүнг ашиглана. Ихэнх тохиолдолд хаалттай хаалганы цаана нууцлаг хэвээр үлддэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг судалсанаараа энэ судалгаа онцлог юм. Мөн олон эмэгтэй  хамтрагчийнхаа төдийгүй эцэг эх, ах дүү, гэр бүлийн бусад гишүүд эсвэл бүр огт танихгүй хүний үйлдсэн хүчирхийлэлд 15 наснаасаа хойш өртсөн байна.

"Одоо бид Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн цар хүрээ, мөн чанарын талаар найдвартай мэдээлэлтэй боллоо. Чанартай тоон мэдээ, мэдээллийг хүртээмжтэй болгосноор энэ асуудлын цар хүрээ болон хувь хүн, гэр бүл, олон нийтэд үзүүлэх хүчирхийллийн сөрөг нөлөө ил болно” гэж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцоллоо.

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бодлого, зан үйлийг өөрчлөхөд энэхүү тоон мэдээ, мэдээллийг ашиглана. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд байж болох хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхэд энэхүү тоон мэдээ, мэдээллийг ашиглана гэдэгт ҮСХ-ны хамт олон бид найдаж байна.”

Энэ тоон мэдээ, мэдээллийн цаана урь өмнө хэнд ч хэлж, дэлгэж байгаагүй охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлууд бий. Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй энэ талаар мэдээлдэггүй, тусламж дэмжлэг эрэлхийлдэггүй байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 1 хүрэхгүй хувь нь энэ тухайгаа цагдаад мэдээлсэн байна. Хэрвээ хамтрагч бус бусад этгээдийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувийг авч үзвэл бүр ч бага хувь гарахаар байна. Хамтрагчийн үйлдсэн бие махбодын болон / эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн  26.5% нь энэ талаар хэзээ ч хэнд ч мэдээлээгүй байна. Судалгаагаар энэхүү нуугдмал хэргүүдийг илчилж, нам гүм байдлыг өөрчилж, жендэрт суурилсан хүчирхийллийн ноцтой нөхцөл байдлыг улс үндэстэн, бодлого боловсруулагчдын анхааралд сонордуулахыг зорьсон юм.

“Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд бүрэн оролцох эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн маш олон хүндрэлийг үүсгэж, зарим тохиолдолд хохирогчид амиа алдаж байна. Иймд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бид чадах бүхнээ хийх ёстой” гэж Наоми Китахара онцоллоо.

Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн 2017 оны үндэсний судалгааг хийхэд НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам санхүүгийн дэмжлэг үзүүлэв. 

Судалгааны тухай товч:

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын судалгаа гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалыг ашиглав. Тоон болон чанарын судалгааг хамтад нь явуулах нь тус бүрийн үр дүнг баталгаажуулах, дэмжих зорилготой байв. Судалгааны тайланг англи, монгол хэл дээр бүрэн эхээр нь дараах цахим хуудсанд орж үзнэ үү:

www.mongolia.unfpa.org/en/publications

НҮБ-ын Хүн амын сангийн тухай:

НҮБ-ын Хүн амын сан нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан тус улсад үзүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд уялдуулан Монгол улсыг дэмжих 6 дахь хөтөлбөрөө 2017-2021 онд хэрэгжүүлж байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар хандаж авна уу: www.mongolia.unfpa.org/en/publications

Эсвэл НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Тим Женкинстэй дараах хаягаар холбогдоно уу:  Jenkins@unfpa.org (8011-0366)