News

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг ёс зүйтэй мэдээлсэн сэтгүүчдийг сайшаав

8 12-р сард 2017

Улаанбаатар хот – 2017 оны 12 сарын 8. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулах нь хүчирхийлэлтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой. Олон нийтийн мэдлэг сайжирсанаар хүчирхийллийг таслан зогсоож, хүчирхийлэгч хариуцлага хүлээдэггүй байдлыг устгахад чиглэсэн бодлогуудыг эн тэргүүнд анхаарч, ажиллахыг шийдвэр гаргагчдаас шаардаж эхэлдэг. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дэлхийд түүний дотор Монголд ч бас хүнй эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг хэвээр байна.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг нийтэд толилуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудын төрөл бүрийн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэнээр гарч буй ахиц дэвшилийг хянахад сэтгүүлчид гол үүрэг гүйцэтгэдэг. УИХ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 12-р сард баталж, тус улсад гэр бүлийн хүчирхийллийг анх удаа гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд энэ хууль 2017 оны 2-р сараас хэрэгжиж байна.

“Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон нь хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэж, хүчирхийлэлд өртөгсдөд тусламж, үйлчилгээ үзүүлэх механизмыг бүрдүүлэхэд чухал алхам болсон. Гэвч бид үүнд сэтгэл ханаж, зогсож болохгүй. Хэвлэл мэдээллийнхэн энэ талаар үргэлжлүүлэн мэдээлж, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага хүлээлгээд зогсохгүй, нийгмийг өөрчлөх гол хүчин болох нь чухал” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов.

Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хэвлэл мэдээллийн ач холбогдлыг үнэлж НҮБ-ын Хүн амын сан, Монголын хэвлэлийн хүрээлэн сэтгүүлчдийн дунд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар ёс зүйтэй мэдээлэх уралдааныг улс орон даяар зохион байгуулав.

Уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ хоёр хэсэгтэй. Эхний хэсэг гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг онцолж, хоёр дахь хэсэгт хамгийн шилдэг бүтээлээс гадна хүний эрхэд суурилсан аргачлалыг зохистой ашигласан бүтээлүүдийг шагнана. Энэ арга хэмжээнд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн холбогдох байгууллагын дор хаяж 60 гишүүн, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцоно.

“Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх ойлголтыг өөрчлөхөд сэтгүүлчид манлайлах үүрэг гүйцэтгэх боломжтой. Ийм үйл ажиллагаа нь Монголын сэтгүүлчдийг цаашид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг илүү сайн ойлгож, шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна” гэж хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мөнхмандах тэмдэглэж хэлэв.

---

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн тухай. Монголын хэвлэлийн хүрээлэн нь сэтгүүлчдэд тогтмол сургалт явуулахын сацуу, хэвлэл мэдээллийн гол асуудлаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, сэтгүүлчид, төрийн албан хаагчид, уншигч, үзэгч, хэрэглэгчдийн шүүмжлэлт сэтгэхүйг хөгжүүлж, сэтгүүл зүйн салбарт мэтгэлцээн, судалгаа, сургалтыг бэхжүүлэх замаар Монголд чанартай хэвлэл мэдээллийг хөгжүүлэх зорилгоор 1995 онд байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Холбоо барих хаяг: pim@pressinst.org.mn, утас: 976-11-350002

НҮБ-ын Хүн амын сангийн тухай (www.mongolia.unfpa.org).  НҮБ-ын Хүн амын сан нь

жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Тим Женкинстэй Jenkins@unfpa.org (утас: 8011-0366) хаягаар холбогдож авна уу.