You are here

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара

2030 онд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхээр зорьж буй энэ эринд бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг, нийгмийн тэгш бус байдлыг шийдэх хэрэгтэй. Улс орнуудын дунд эдийн засгийн ялгаатай байдал ерөнхийдөө багасч байгаа ч хөгжиж буй олон оронд баян хоосны ялгаа ихсэж, нийгмийг тогтворгүйжүүлэн, хөгжил дэвшилд саад учруулж болзошгүй байна.

Монголд бараг гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Тэгш бус байдал бол дан ганц хөрөнгө мөнгө, орлогын тухай асуудал бус энэ нь эдийн засгийн тэгш бус байдлаас үүдэн харилцан бие биедээ нөлөөлдөг эрх мэдэл, хүний эрх, боломжтой холбоотой асуудлууд юм.

Хүмүүс тэр бүр тоодоггүй ч, ихээхэн анхаарах шаардлагатай асуудал бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн тэгш бус байдал юм. Тухайлбал, Монголд хамгийн ядуу 20%-ийн айл өрхийн ердөө 5 эмэгтэй тутмын нэг нь жирэмсний үеийн чанартай хяналт  үйлчилгээ хүртдэг бол хамгийн баян чинээлэг 20%-ийн айл өрхийн хоёр эмэгтэй тутмын нэг нь жирэмсний үеийн чанартай хяналтанд хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл чинээлэг монголчууд жирэмсний үеийн чанартай хяналт, үйлчилгээ хүртэж, харин ядуу монголчууд энэ үйлчилгээг хүртэж чадахгүй байна.

Нөхөн үржихүйн эрх бол хүний суурь эрх. Үүнийг хангахгүй бол охид, эмэгтэйчүүд хүсээгүй, төлөвлөөгүй хэрнээ жирэмсэлж улмаар тухайн эмэгтэй төдийгүй үр хүүхэд нь хүртэл амьдралд тохиолдох зарим нэг боломжийг алдаж, нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадалгүй, хэдэн үе дамжсан ядуурал, доройтолын эцэс төгсгөлгүй эргүүлэгт унадаг.

Охид, эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудлаа өөрсдөө шийдэх боломжтой тохиолдолд тэд сурч боловсорч, цалинтай ажил хөдөлмөр эрхэлж, нийгэм, эдийн засгийн илүү их эрх мэдэлтэй болдог. Энэ нь тэднийг эрүүл саруул, сайн сайхан өсч торнин, амьдрах суурь болдог. Иймд охид эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртэж, нөхөн үржихүйн эрхээ эдлэх чадвартай болсоноор нөөц бололцоогоо бүрэн ашиглах боломжтой болдог.

Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл Монголд нийт жирэмслэлтийн 14% нь үр хөндөлтөөр төгсөж байгаа нь ихээхэн санаа зовоож байна. Энэ нь тус улсад эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгсэлийн хэрэгцээ хангагдахгүй байгааг илтгэж байна.

Хүсээгүй, төлөвлөөгүй хэрнээ жирэмсэлсэн эмэгтэйчүүд жирэмслэлтээ таслан зогсоохын тулд цөхөрсөндөө аюултай үр хөндөлт хийлгэж, хүндрээд зогсохгүй эндэх нь ч бий. 2012-2015 онд гарсан урьдчилан сэргийлэх боломжтой эхийн бараг 10 эндэгдэл тутмын нэг нь аюултай үр хөндөлтөөс үүдэлтэй байна.

Энэхүү тамын эргүүлгээс гарах үр дүнтэй арга бол бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц мэдээлэл, тусламж, үйлчилгээ ялангуяа жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгсэл, гэр бүл төлөвлөлтийн сургалт, үйлчилгээг хүртээмжтэй болгох явдал юм. Тус улсын эрчүүд, эмэгтэйчүүд ялангуяа нөхөн үржихүйн насны иргэдэд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэл, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөхөд улсын төсвөөс хангалттай хөрөнгө мөнгө хуваарилах хэрэгтэй.

Энэ сацуу үр хөндөлтийг хуулиар хориглох нь үр дүнтэй арга биш болох нь дэлхий дахинаа нотлогдосон. Тухайлбал Румын улсын засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор 1967-1990 онд үр хөндөлтийг хатуу хориглосны улмаас Европт эхийн эндэгдэлээр хамгийн өндөр буюу 100,000 амьд төрөлт тутамд бараг 150 эхийн эндэгдэлтэй орон болсон. Румын шиг ийм тохиолдлоос бид зайлсхийх ёстой.

Монголд эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхэн тохиолдлоор бус харин өөрсдийн сонголтоор үр хүүхэдтэй болдог байх хэрэгтэй. Тэд хэзээ, ямар зайтай, хэдэн хүүхэдтэй болохоо шийдэх эрхтэй. Монгол улс гэр бүлээ бэхжүүлж, иргэдээ үр хүүхэдтэй болгохыг зорьж байгаа бол иргэдээ эрх мэдэлжүүлж, сонголт хийх боломж бүхий хүний эрхэд суурилсан аргыг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ арга нь эхчүүд эсэн мэнд жирэмсэлж, амаржиж, эрүүл саруул хүүхэд төрүүлэх явдлыг дэмждэг. Мөн хүүхэдтэй болсоноор үүсэх эдийн засгийн асуудлуудыг хувь хүн, хос, гэр бүлүүд өөрсдөө шийдэх боломжтой болгож, айл өрхөд жендэрийн тэгш байдлыг хангаж, эрчүүд гэрийн ажил хийх, үр хүүхдээ өсгөх үүрэг хариуцлагыг эмэгтэйчүүдтэй хуваалцаж, оновчтой шийдэхэд хувь нэмэр оруулдаг.

НҮБ-ын Хүн амын сан Монголд дараах гурван цогц үйл ажиллагааг санал болгож байна. Үүнд:

  1. Бэлгийн цогц боловсрол олгох – ингэхдээ дан ганц бэлгийн боловсрол олгоод зогсохгүй амьдралын суурийг тавихад анхаарч – албан болон албан бус боловсролын тогтолцоог ашиглах;
  2. Жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн найдвартай, төрөл бүрийн арга хэрэгсэлийг хэрэгцээтэй, хүссэн бүх хүн, эмэгтэйчүүд, залуучуудад хүртээмжтэй болгох;
  3. Сургаж бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүсээр бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ түүний дотор гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд хөрөнгө оруулж, дэмжих.

Монголд тэгш бус байдлыг бууруулах нь амаргүй хэдий ч боломжтой. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд дэх тэгш бус байдлыг шийдвэрлэж, хамгийн ард орхигдсон иргэдэд хамгийн түрүүнд хүрч үйлчилж энэ ажлыг эхлүүлэх нь зүйтэй.