You are here

Улаанбаатар хот, Монгол улс, 2016 оны 2 сарын 14

Монгол улсад зудын нөхцөл байдал хүндэрсэн нөхцөлд олон улсын байгууллагууд, засгийн газраас зудын нөхцөлд амьдарч байгаа малчдын хэрэгцээг судлах нөхцөл байдлын үнэлгээгээр малчин охид, эмэгтэйчүүд ариун цэвэр, эрүүл ахуйн багц шаардлагатай гэж огт дурьдаагүй учраас НҮБ-ын Хүн амын сангаас гамшгийн үед түгээдэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг НҮБ –ын байгууллагуудаас зудад нэрвэгдсэн малчдад хүргэх тусламжийн багцад оруулах шаардлагагүй хэмээн хэсэг хүмүүс надад хэлж байлаа.

Үүний хариуд би: Та нар үнэхээр малчин охид эмэгтэйчүүдтэй ярилцсан уу, эсвэл зөвхөн эрчүүдтэй ярилцсан уу, үнэлгээг хэрхэн хийсэн бэ, үнэлгээ хийхдээ нийгэм, соёлын асуудлуудыг анхаарч үзсэн үү, ярилцлагыг хэн хийсэн бэ, эмэгтэй хүн хийсэн үү, эрэгтэй хүн хийсэн үү, монгол хүн хийсэн үү, гадаад хүн хийсэн үү , нутгийн иргэд үү, эсвэл гадны иргэд ярилцлагыг хийсэн үү гэж асуусан.

Монгол улс одоо зудын гамшигт өртөөд байна. Зуд гэдэг бол хахир хатуу өвлийн улмаас хөдөө аж ахуй эрхлэгчид, нүүдэлчин малчдын амьжиргаанд ихээхэн хүндрэл, учруулдаг байгалийн нэгэн өвөрмөц төрлийн гамшиг юм.

Зудын улмаас олон тооны мал хорогдож, малчдын амьжиргаа хүндэрч, аюулгүй байдал алдагддаг.

Энэ жил тус улсын нутгийн зарим хэсгээр агаарын хэм -50 градус хүртэл хүйтэрч, 2 дугаар сарын 24-ний байдлаар 190 000 орчим толгой мал хорогдоод байна. Зудтай зэрэгцэн сүүлийн 10 жил огт гараагүй байсан хонины цэцэг өвчин зүүн аймгуудад гарч, бусад бүс нутгуудад тархах аюул нүүрлээд байна.

Цаг агаар  эрс хүйтэрч, цас их орсоны улмаас 1 сарын 18-ны байдлаар 20 аймгийн 90 сум цагаан зудын байдалд орсоныг Улсын онцгой комисс зарлав. Малын хорогдол 2010 оны зуданд алдсан малын хорогдолтой харьцуулахад бага байгаа хэдий ч, өвс тэжээлийн нөөц багасч, малын өвчин газар авахын хэрээр хорогдол ихсэх төлөвтэй байна. Өмнөх жилүүдэд тохиосон зудын байдлаас ажиглахад малын хорогдлын ихэнх нь өвөл бус хавар тохиолдсон байдаг.

Зудтай бүс нутгуудад хүмүүс дан ганц малынхаа ачаар л хүнс, тээвэр, дулаан, бэлэн мөнгө, бартерын худалдаа, тэр ч бүү хэл эрүүл мэндийн болоод бусад үйлчилгээнүүдийг хүртэж байна. Өвлийн саруудад айл өрхүүд хүнс, бэлэн мөнгөнийхөө нөөцийг шавхдаг бөгөөд малын хорогдол ихсэж, суурь хэрэгцээгээ хангах нөөц багасахын хэрээр нүүдэлчин малчдын амьжиргаа ихээхэн хүндэрч, ядууралд өртөхөд хүрдэг.

Ийм нөхцөлд малчин өрхүүд өөрсөддөө болон малдаа хүнс тэжээл залгуулахад голлон анхаарч, эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээ түүний дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой хэрэгцээг орхигдуулах хандлагатай байдаг. Энэ нь улмаар эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, дөнгөж төрсөн эх, нярайн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлдөг. Дэлхийн олон оронд онцгой байдлын үед эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээ, ариун цэвэр, эрүүл ахуй, хамгааллын асуудал орхигдох хандлага ажиглагддаг.

Гэвч гамшиг тохиолдлоо гээд жирэмслэлт, сарын тэмдэг зогсчихгүй. Зуданд өртсөн бүс нутгуудад зам хаагдаж, хаашаа ч явах аргагүй болж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй байна. Малчин айл өрхүүд бэлэн мөнгөгүйн улмаас төрийн үйлчилгээ түүний дотор эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж, хүнс, хувцас, ариун цэврийн хэрэгсэлээ худалдан авах боломж хомс болж байна. Сарын тэмдэгийн үед эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэлгүй учраас хуучин даавууны өөдсийг угааж, хэрэглэж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд урт, богино хугацаанд нөлөөлөх нөхөн үржихүйн болон шээс бэлгийн замын үрэвслийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Үүнд Монгол дахь нийгэм, соёлын хүчин зүйл өөрөөр хэлбэл охид, эмэгтэйчүүдийн ихэнх нь жирэмслэлт, сарын тэмдэгтэй холбоотой хэрэгцээнийхээ талаар гэр бүлийнхэндээ ч ярьдаггүй явдал нөлөөлж байна.

Онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн энэхүү хэрэгцээг хангах зорилгоор НҮБ-ын Хүн амын сан 1990-өөд оны дундаас дэлхий дахинаа хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд “ариун цэвэр, эрүүл ахуйн багц” түгээдэг болсон билээ. Эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай зүйлс бүхий ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг түгээх явдал нь Хүмүүнлэгийн хариу арга хэмжээний SPHERE стандартад тусгагдсан хүмүүнлэгийн арга хэмжээ юм.

Тухайн улс орны нийгэм, зан соёлын онцлогт нийцүүлэн НҮБ-ын Хүн амын сан “ариун цэвэр, эрүүл ахуйн багц”-ыг бэлтгэхдээ:

  • Ихэвчлэн эмэгтэйчүүд, өсвөр насны охидуудад зориулж,
  • Тэдний наад захын хэрэгцээ, ариун цэвэр, эрүүл ахуйг хангахад анхаарч,
  • Нутгийн иргэдтэй зөвлөлдөж, хэрэгцээтэй бараануудыг нь сонгон
  • Тухайн улс оронд худалдан авалт хийж, багцлан
  • Хүмүүнлэгийн бусад байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан, түгээж (давхардалаас зайлсхийж)
  • Гамшигт өртсөн хүн амын хэрэгцээг хангадаг.

НҮБ-ын Хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгсэлүүд тухайлбал ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, гар нүүрийн саван, шүдний оо, сойз, хамгааллын хэрэгсэлүүд түүний дотор шүгэл, гар чийдэн бүхий ариун цэвэр эрүүл ахуйн багцийг бэлтгэн тараадаг.

Багц тус бүр нь 19 зүйлээс бүрдсэн 120 ширхэг ариун цэвэр эрүүл ахуйн багцыг ойролцоогоор 12000 ам.доллар (буюу 24 370 000 төгрөг)-оор эхний ээлжинд худалдан авч, зуданд хамгийн их нэрвэгдсэн иргэдэд Онцгой байдлын ерөнхий газраар дамжуулан энэ оны 2-р сарын эхээр түгээсэн.

Одоо НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан 8000 орчим ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг худалдан авч, Монгол улсын зуданд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа зургаан аймгийн 4400 орчим өрхийн охид, эмэгтэйчүүдэд тараахаар бэлтгэж байна.

Шаардлагатай хувцас, ариун цэврийн хэрэглэлгүй үед охид эмэгтэйчүүдийн хөдөлгөөн болон хэрэглээ хязгаарлагдсанаар эрүүл мэнд нь доройтох нөхцөл байдал үүсдэг. Ариун цэвэр, эрүүл ахуйг хангах нь охид эмэгтэйчүүдийн өөртөө итгэлтэй байж, өөрийгөө үнэлж, цэгнэхэд чухал ач холбогдолтой төдийгүй аюулгүй байдлаа хангахад ч чухал ач холбогдолтой. Онцгой байдлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл ихэсдэгийг бид бүгд мэднэ. Ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудын ачаар дарамтлал, гутаан доромжлол, хүчирхийллийн эрсдэл буурдаг. Үүнийг бид 2015 онд Непалд болсон хүчтэй газар хөдлөлт, Мьянмарт болсон үер, сая Фижид болсон Уинстон хар шуурганы дараа үзүүлсэн хариу арга хэмжээнүүдийн үеэр ойлгож мэдэрсэн юм.

Энэхүү багцын зорилго нь хүмүүнлэгийн хамгийн хүнд гамшгийн үед ч охид, эмэгтэйчүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйг хангахад явдал бөгөөд энэ багц нь нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангахад чиглэдэг.

Энэхүү багцанд шууд, практикт ашиглах боломжтой наад захын ариун цэврийн хэрэгсэлүүд ордог.

Бие махбодь төдийгүй сэтгэл санаа амгалан тайван байснаар хүндэтгэл хүлээж амьдрах нөхцөл бүрддэгийг НҮБ-ын Хүн амын сангийн ажилтнууд бид олон улсын туршлагаас сайн ойлгосон. Хүндэтгэл хүлээж амьдрах нь хувь хүн, олон нийтийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг хамарсан ойлголт бөгөөд хүнлэг энэрэнгүй байдал, түүний дотор хүний эрхийг хүндэтгэх явдлыг улам бэхжүүлдэг.

Монгол улсад хямралын үед хүн амын тал илүү хэсгийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээг хангахын тулд бид ариун цэвэр эрүүл ахуйн багц түгээж байна.

Энэ удаагийн төдийгүй цаашид ч тохиолдох байгалийн гамшгийн үед охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангаж, нөхөн үржихүйн наад захын хэрэгцээгээ хангаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бид бүхний хамтран гүйцэтгэсэн хүчин чармайлтын эхний болоод чухал алхам нь энэхүү ариун цэвэр, эрүүл ахуйн багц  юм.

Энэхүү мэдээ 2016 оны 3 сарын 17 ны "Өдийн сонин", 18 ны UB Post сонинд тус тус нийтлэгдсэн.

***

НҮБ-ын Хүн амын сан жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.