You are here

Улаанбаатар, 2017 оны 05 сарын 29.– Өнөөдөр НҮБ-ын Хүн амын сан Эрүүл мэндийн яамтай хмтран Эх, нярайн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн “Монгол улсад эхийн эрүүл мэндийн тусламжид нэвтрүүлсэн инноваци, сайн туршлагыг нутагшуулах нь” нэртэй Төгсгөлийн шатны төслийг албан ёсоор нээлээ.

Нээлтийн үгийг Эрүүл Мэндийн сайд хатагтай А.Цогцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар хэлэв.

Цогцэцэг сайд хэлсэн үгэндээ Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын санд Монголын эх, үрсийн эрүүл мэндийн төлөө оруулж байгаа хувь нэмэрт гүнээ талархаж байдгаа илэрхийлээд, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмэр нь Монгол Улсад эхийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын түвшинг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн цохон тэмдэглэв. Мөн төслөөр нэвтрүүлсэн дэвшилтэд технологи нь эх, нярайн тусламжид чанарын өөрчлөлт авчирсан ба төслийн төгсгөлийн үе шатыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх нэгэн боломж нээгдлээ гэв.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара Зайн оношлогооны төслийн өмнөх 2 үе шатыг хэрэгжүүлж амжилтад хүрсэн, мөн Монгол Улс эхийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтын зохих түвшинд бууруулж чадсан дэлхийн есхөн орны нэг болсонд баяр хүргэлээ. Төслийн энэ үе шатыг хэрэгжүүлж байгаа нь ялангуяа өнөөгийн эдийн засгийн бэрхшээлтэй үед төслийн ололт амжилтыг бэхжүүлэх, төслийн үйл ажиллагааг үндэсний түнш байгууллагад шилжүүлснээр тогтвортой байдлыг нь хангахад нэн чухал гэдгийг тэмдэглэв.

Зайн оношилгооны төслийн Төгсгөлийн шат нь Люксэнбургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилттэйгээр 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. 2007 оноос эхлэн Монгол Улсын Засгийн Газар, Люксэнбургийн Вант Улсын Засгийн Газартай хамтран НҮБ-ын Хүн амын сан нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах гол зорилгын хүрээнд эх нярайн чанартай тусламж үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг дэмжих Зайн оношилгооны төслийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Уг төсөл нь үндэсний хэмжээнд эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон төрөх тусламж үзүүлдэг эмнэлгүүдийн сүлжээг үүсгэн байгуулсан шинэлэг санаагаар дүүрэн төсөл байлаа. Үүний үр дүнд Монгол орны хамгийн алслагдмал нутагт амьдарч байгаа жирэмсэн эхчүүд Улаанбаатар хотыг зорихын оронд онлайн сүлжээгээр эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах, эхийн амь насыг аврах тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон.

Тус төсөл нь Монгол улс дахь эхийн эндэгдлийг 2000 оны түвшинээс 2015 онд 75%-аар бууруулахад чухал хувь нэмэр оруулснаар Монгол улс 2015 онд эхийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэг болж чадсан. Жирэмсний хүндрэлийг хугацаа алдалгүй эрт илрүүлж, оролцогч эмнэлгүүдийн дунд эх нярайн хүндрэлийн тохиолдлуудын талаар хэлэлцүүлгүүд зохион байгуулж, Зайн оношлогооны зөвлөгөө өгөх сүлжээг ашиглан эмч мэргэжилтнүүдэд онлайн сургалтуудыг явуулсны үр дүнд энэ бүх амжилтуудад хүрсэн юм.

Энэхүү Төгсгөлийн шатны төсөл нь бий болсон ололт, амжилтуудыг тогтвортой хадгалах, нутагшуулах зорилготойгоор дараах зорилтуудыг дэвшүүлсэн:

(1) Төслийн зайн оношлогоо, сургалт, эрүүл мэндийн мобайл үйлчилгээг үндэсний цахим эрүүл мэндийн тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болгон нэвтрүүлэх,

(2) Төслөөр нэвтрүүлсэн эх, хүүхэд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтын арга барилыг институцчилах замаар үндэсний хүний нөөцийн чадавхийг цаашид бэхжүүлэх,

(3) Инновацийг тогтвортой авч явахын тулд бодлого, санхүүжилтийн орчныг боловсронгуй болгохыг тусгасан болно.

Туушин зочид буудалд зохион байгуулсан нээлтийн ёслолын арга хэмжээнд Эрүүл Мэндийн сайд эрхэмсэг хатагтай А.Цогцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын Дэд захирал хатагтай Д.Гэрэлмаа, Люксэнбургийн өргөмжлөлт консул хатагтай Д.Хулан, нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүн амын сан төслийн баримт бичигт болон Хэрэгжүүлэгч түнш байгууллагын гэрээнд Эрүүл Мэндийн Яам, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар болон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай хамтран гарын үсэг зурлаа.

Холбоо барих хүн: Б.Цэдмаа/С.Нармандах Утас:  88110520, 96068092 & 70140717

НҮБ-ын Хүн амын сангийн талаарх мэдээллийг www.mongolia.unfpa.org  веб сайтнаас авна уу. НҮБ-ын Хүн амын сан нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Энэ онд НҮБ-ын Хүн амын сан нь Монгол улсад зориулсан НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хүрээ баримт бичгийн хүрээнд 2017-2021 оны хооронд хэрэгжих Улс Орныг Дэмжих 6 дахь Хөтөлбөрөө эхлүүлээд байна.