You are here

 

Улаанбаатар хот – Өнөөдөр Ариг банк НҮБ-ын хүн амын сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Монголд хүчирхийлэлд өртөгсдөд дэмжлэг үзүүлж, залуучуудын хөгжлийн төлөө хамтран ажиллахаар боллоо. НҮБ-ын Хүн амын сангаар дамжуулан Ариг банк Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт НҮБ-ын Хүн амын сангийн дэмждэг Залуучуудын хөгжлийн гурван төвийн залуучууд, ажилтнуудад санхүүгийн сургалт явуулна. Мөн нийслэлд НҮБ-ын Хүн амын сангаас дэмждэг Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлж буй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд уг сургалтад хамрагдах боломж олгох бөгөөд энэ нь тэднийг санхүү, эдийн засгийн хувьд бие даахад нь тус дөхөм болох юм.

Ариг банкнаас ажилтнууддаа зориулж, 2 долоо хоног тутамд зохион байгуулдаг санхүү, хувь хүний баялагийн менежментийн энэ сургалтыг залуучуудын хөгжлийн төвийн залуучуудад зориулж 2017 оныг дуустал явуулна. НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулж, амьдрах ухааны боловсрол, ажил, мэргэжлийн практик сургалт, үе тэнгийн зөвлөгөө, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээг аюулгүй таатай орчинд хүртэх байр, боломжийг олгож байна. Өнөөг хүртэл Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, Оюу толгой ХХК-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар Монгол улс даяар залуучуудын хөгжлийн 16 төв байгуулаад байна.

Ариг банк мөн Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулж Ахиллес Интернэшнл Монгол байгууллагын гүйх, алхах, тэргэнцэртэй явах хөтөлбөрийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ хөтөлбөр нь тогтмол дасгал хийж, илүү хүчтэй эрүүл болох боломжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох зорилготой. Ингэхдээ гүйлтээр хичээллэдэг хөгжлийн бэршээлтэй иргэд төдийгүй эрүүл хүмүүстэй уралдах бэлтгэл хийлгэдэг бөгөөд тус байгууллага нь Улаанбаатар хотод жил бүр Итгэл найдвар, боломж гүйлтийг зохион байгуулдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад оролцооны түвшингээр амжилтаа хэмжиж, амжилт гаргахын хэрээр өөртөө илтгэлтэй болж, өсч хөгжих боломж олгодог.

“Ариг банктай хамтран ажиллах болсондоо бид баяртай байна. Энэ бол өөрсдийн нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж компаний нийгмийн хариуцлагаар Монголд тэргүүлж буй компаниудын нэг юм” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлээд “хувийн хэвшлийнхэний дэмжлэгийг авч, тэдэнтэй хамтран ажилласнаар амжилтад хүрэх боломж маш их байгааг олж харсан бид азтай хүмүүс. Ариг банкны түншлэлийг бид халуун дотноор хүлээн авахын сацуу бид бүгд зорилгоо уялдуулж, нөөцөө нэгтгэн дайчилбал илүү их амжилтад хүрэх боломжтой нь илт байна. Энэ хамтын ажиллагаа цаашид Монголд улам олон компанийг залуучууд, ялангуяа эмзэг бүлгийнхний сайн сайхны төлөө ажилладаг идэвхитэн болох чин хүслийг төрүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.