News

Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаархи монголын анхны подкаст үйл ажиллагаагаа эхэллээ

4 1-р сард 2018

“Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар бид яг одоо ярих ёстой, цаашид ч ярьж байх ёстой" гэж Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаархи Монгол улсын анхны подкаст нэвтрүүлгийн хөтлөгч  А.Хонгорзул хэлж байна.  

Монголын түүхэнд анх удаагаа 2017 оны 2-р сард гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болгон хуульчилсан. Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, тусламж дэмжлэг, хариуцлага, шударга байдлыг эрэлхийлж байгаа даван туулагчдад дэмжлэг үзүүлэхээр заасан.

Гэсэн хэдий ч зан үйлийн хэв маяг, хандлага өөрчлөгдөхөд цаг хугацаа шаарддаг тул хууль хэрэгжиж эхэлсэн нь зөвхөн эхлэл юм. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр эмэгтэйчүүд, охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл болон бие махбодийн хүчирхийллийн хэд хэдэн тохиолдлуудыг мэдээлэхэд, улс даяар олон нийт дургүйцлээ эрчимтэйгээр илэрхийлсэн. Ийм байдлаар олон нийт цочирдон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа ч эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл нь шинэ үзэгдэл биш, зөвхөн энэ удаад тохиолдож байгаа зүйл биш юм.

"Дэлхий даяар, түүнчлэн Монгол Улсын хувьд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид ойр дотны хамтрагчийнхаа зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртдөг  гэсэн тооцоолол бидэнд бий" гэж НҮБХАС-ийн Монгол дахь төлөөлөгч Наоми Китахара эмэгтэйчүүд, охид эсрэг хүчирхийллийг устгах Олон улсын өдрийн үеэр хэлсэн юм.

А.Хонгорзул болон Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ нь олон нийтэд хүчирхийллийн талаархи олон нийтийн ойлголт, хандлага, сэтгэлгээг өөрчлөх шинэлэг аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг утсгахыг зорин ажилладаг.

Чимээгүй гэмт хэргийг илчил

Саяхныг хүртэл гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаар олон нийт огт ярьдаггүй байсан. Сүүлийн үед дотоодын болон олон улсын түвшний хэд хэдэн ноцтой тохиолдолуудад анхаарлаа хандуулснаар олон нийт энэ чимээгүй гэмт хэргийн тухай ярьж эхэллээ.

Энэ подкастыг хийж байхдаа Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ нь энэхүү чимээгүй байдлыг эвдэж,  эцэг эхчүүд, даван туулагчдад бид өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэдгийг харуулахыг хүссэн ба  өөрчлөлт гарч байгаа нь ч хэдийнээ харагдаж эхэлсэн.

А. Хонгорзул хэлэхдээ "Даван туулагчид нь ганцаараа биш гэдгээ мэдэрч эхэлж байна, мөн тэд тусламж эрэлхийлж, бие биедээ тусалж байна" гэсэн юм.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн даван туулагч "Миний амьдрал бол ямар ч сонголтгүйгээр миний сонгосон сонголт мэт санагддаг. Би хүүхдүүдийнхээ төлөө энэ амьдралыг сонгосон. Гэхдээ, энэ podcast-д байгаа мэдээлэл надад маш хэрэгтэй мэдээлэл байсан. Одоо би ганцаараа биш гэдгээ мэдэрдэг" гэжээ.

Ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх нь хүчирхийллийг устгах түлхүүр юм

"Монголд өнөөдөр подкастууд ихээхэн нэр хүндтэй байгаа гэдгийг бид мэднэ. Энэ нь олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой мэдээллийн хэрэгсэл юм" гэж Хонгорзул ярилаа.

Улаанбаатар дахь Vibe Радиотай хамтран, Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ нь олон нийтэд хүрэхийн тулд радио болон podcast-ийг хослуулан ашиглаж байна. Энэ арга нь утсаараа подкастыг байнга сонсдог залуучуудад мэдээлэл хүргэх, мөн оройн цагаар нийтийн тээврээр ажлаасаа гэр рүүгээ явж буй зорчигчдод мэдээллийг хүргэх боломжийг олгодог.

Подкаст хөтөлбөр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон    ЛГБТИК, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүд болон эмэгтэйчүүд зэрэг хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй  бүлгүүдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө болон ойр дотныхныгоо хүчирхийллээс хамгаалахад шаардлагатай мэдээллүүдийг өгч, тэдэнд эерэгээр нөлөөлдөг.

"Нэвтрүүлгийн дугаар бүртээ бид тухайн салбартаа мэргэшсэн зочин оролцогчийг урьж оролцуулдаг.  Жишээ нь, бидний ЛГБТИК бүлгийн тухай нэвтрүүлгийн үеэр ЛГБТ Төвийн мэргэжилтнүүдээс урилаа. Өмнөх нэвтрүүлэгтээ бид Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтэнүүдийг оролцуулж байсан "гэж Хонорзул тайлбарлав.

Хонгорзул мэдлэг ойлголтыг дээшлүүлэх үйл ажилагааг байнга явуулж байх нь маш чухал гэж үздэг бөгөөд энэ үйл явц хэзээ ч зогсохгүй, тасралтгүй үргэлжлэх ёстой гэж үздэг.
Тэрбээр "Бид энэ асуудлыг өнөөдөр болон ирээдүйд ч ярих ёстой. Үүний үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн талаар илүү олон хүн мэддэг болох ба ингэснээр тэд энэ чимээгүй гэмт хэргийг зогсооход чиглэсэн үйл ажиллагааг явуулж эхлэх юм. "

Энэхүү подкастыг  – НҮБХАС, Швецарийн Хөгжлийн Агентлаг, Vibe радиогийн дэмжлэгтэйгээр бүтээсэн  –  Sound Cloud, радио болон бусад нийгмийн сүлжээний платформоор түгээсэн. Дараах хаягаар орж эпизодуудыг сонсох боломжтой. https://soundcloud.com/btifulhearts/break-the-chain-podcast-against-domestic-violence.