Dispatch

НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн охид, эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

12 January 2017

Улаанбаатар хот, Монгол улс - 2017 оны 1-р сарын 3-ны өдөр Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн  мэдээлснээр 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн байдал хүндэрч, нүүдэлчин малчдын амьдралд шууд нөлөөлж байна. Иймд НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд түгээх тээврийн зардалын хамт Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өгч, охид, эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээг хангахад манлайлах үүрэг гүйцэтгэж байна.

 

НҮБ-ын Хүн амын сангаас бэлтгэн хандивлаж байгаа Ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь хүмүүнлэгийн нөхцөлд охид, эмэгтэйчүүд өөрсдийн ариун цэвэр, эрүүл ахуйн хэрэгцээ, эрүүл мэнд, аюулгүй байдлаа зохих түвшинд хангахад шаардлагатай эд зүйлсээс бүрддэг. Тухайлбал ариун цэврийн хэрэглэл, нүүр гарын болон барааны саван, дотуур хувцас, оймс, хувцас, гар нүүрийн алчуур, шүдний оо, сойз зэрэг зүйлс багцад орсон.

Мөн зайгаар ажилладаг гар чийдэнг эмэгтэйчүүд шөнө оройн цагаар гарч явахдаа ашиглах боломжтой. Бас байгалийн гамшгийн үед охид, эмэгтэйчүүд жендэрт суурилсан болон бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг тул өөрийгөө аюулаас хамгаалах зорилгоор ашиглах шүгэлийг энэ багцад оруулсан.

Онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг анхаарахгүй, орхих явдал гардаг. Айл өрхүүд амь зуулгаа алдаж, эдийн засгийн дарамтанд орж, орлогын эх үүсвэргүй, амьжиргаагаа залгуулах гэж зүтгэхдээ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвөрмөц хэрэгцээг тэр бүр анхаардаггүй. Мөн цас их орсоны улмаас зам харгуй хаагдсанаар охид, эмэгтэйчүүд гадагш гарч, өдөр тутмынхаа хэрэгцээт барааг олж авч чаддаггүй болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод, НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдийг Монголын нийгмийн гол түшиг тулгуур хэмээн үзэж, тэдний амьжиргаа, эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах явдлыг эн тэргүүнд чухалчилж, байгалийн гамшгийг амжилттай даван туулж, өдөр тутмын амжиргаагаа хэвийн залгуулахад энэхүү арийн цэвэр эрүүл ахуйн багц нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.НҮБ-ын Хүн амын сангаас зуданд өртсөн бүс нутгуудад ариун цэвэр эрүүл ахуйн багцыг түгээж байгаа нь тус улсад гамшгийн үед авах үйл ажиллагааг удирдаж, зохицуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг ОБЕГ-ын чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээ авахдаа охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээг орхигдуулахгүй байх нь чухал юм.